Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.
Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн “Ээж мод” болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд “Хувьсгалын долоо” гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.
Шинжлэх ухааны доктор Өөлдийн Бавуу гуайд Шаамар нутгийн хамар Балдан гэдэг хүний ярьсан домгоор гол болгон бусад домогт байгаа санаагаар баяжуулан харвал Ээж модны домог иймээ.