Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгосон байна. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байв. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн юм. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн юм.
Солдат толгой: Алтанбулаг сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг “Заргачийн овоо”, “Солдат толгой” гэж нэрлэдэг. 1921 оны 6-р сарын 5-нд Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас монгол, зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтанд орж байсан байна. Энэ тухай сонирхуулахад Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд энэ тулаан гардаг. Энэ тулалдаанд цагаантны цэргийн удирдагч дошгин Баяргүн ялагддаг бөгөөд баригдан эцэст нь өөрийгөө буудан амиа хороодог билээ. 1921 оны 6-р сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож 7-р сарын эхээр Нийслэл хүрээг чөлөөлсөн юм. Алтанбулагт ардын засгийн анхны баяр наадмыг хийхдээ энэ овоог тахиж, түүний өвөрт наадам хийжээ. Энэ наадамд 64 бөх барилдаж засгийн газрын дипломат хэмээх Дамдин түрүүлж, Сайд ханын Цагаан нуурын Бат-Очир начин үзүүрлэж байсан байна.