Монголчууд бидний үндэсний бахархал, монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой “Монгол гэр” Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд энэ оны тавдугаар сард болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд аймаг бүрийн төлөөлөл, өөрийн аймгийн урчуудын урласан Монгол гэрийг барьж, өөрийн аймгийн онцлог, түүх өв соёлыг харуулсан бүтээлүүдийг толилуулан оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр мөн “Монгол гэрийн уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал” зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан байна. Монгол гэрийн уламжлалт урлал, түүнтэй холбогдох зан заншлыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэсэн. Олон мянганы түүхтэй Монгол гэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй гадаад орнуудад ч хүмүүсийн сонирхлыг татан хэрэглэгдэх болсон байна. Дээрх үзэсгэлэнд оролцсон Монгол гэрүүдийн гэрэл цомгийг Монгол гэр үйлдвэрлэн экспортлогч нэгэн компани бэлтгэн хуудаснаа оруулсныг үзнэ үү.