• Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот, Цагаан эрэг баг
  • Да-Ба     09.00 - 18.00

6. Ээж мод – Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.

Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн “Ээж мод” болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд “Хувьсгалын долоо” гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.

Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.

ЭЭЖ МОДНЫ ДОМОГ

Шинжлэх ухааны доктор Өөлдийн Бавуу гуайд Шаамар нутгийн хамар Балдан гэдэг хүний ярьсан домгоор гол болгон бусад домогт байгаа санаагаар баяжуулан харвал Ээж модны домог иймээ.
Анх энэ дэвсэг ганц ч модгүй элсэн довцог байж гэнэ. Тэр үед Чингис хааны бага охин найманы Даянхааны хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болж, ураг барилдах гэтэл хаан зөвшөөрсөнгүй. Ингээд хайр сэтгэлтэй хоёр залуу сэм нийлээд оргосон тул Чингис хаан “зарлиг зөрчив” хэмээн их л хилэгнэн уурсаж хойноос нь хөөн үтэр түргэн баривчлан авчир гэж нэхүүл цэрэг мордуулжээ. Нэхүүл цэргүүд нөгөө хоёрыг хөөсөөр Шаамарын элсэн дэвсэг дээр гүйцэн бариад авах гэтэл тэр газраа мод болон ургачихаж гэнэ.
За энд мод болоод ургачихлаа яая даа гэж байтал нөгөө хоёр голын цаана гарчихсан явж харагджээ. Хойноос нь хөөж очоод баривчлах гэтэл булаг болоод урсчихаж гэнэ. За булаг болоод урсчихлаа яадаг юм билээ гээд харж байтал Сэлэнгэ мөрөн өгсөөд хөх борлог морьтой явж байна гэнэ. Хойноос нь хөөсөөр Хөвсгөл хүрч гүйцэн бариад авах гэтэл хад болоод ургачихаж гэнэ.
Ингээд элсэн довцог дээр эхэлж ургасан эх мод буюу Ээж мод, элсэн довцгийг авгай дэвсэг, Охиныг барьж чадаагүй газрыг Охины хөндий, Булгийг Охиндийн булаг /Охины хөндийн булаг/, Даян хааны хүүг барьж чадаагүй газрыг Даян дээрх хэмээн нэрлэсэн юм гэнэ. Ингээд Даян хад нь зайран болж, Охиндийн булаг нь рашаан болж, эх мод нь Удган мод болж, газрын хүйсээр холбоотой байдаг гэсэн домогтой юм байна.
Чухам хэдийнээс тахиж ирснийг мэдэхгүй ч ардын хувьсгалын партизан Жадамбаа “Намайг төрөөд мэдээ ороход л ээж мод гэдэг холоос харахад гараа алдлан өргөөд зогсож байгаа хүн шиг хэлбэртэй том мод байсан” гэж ярьдаг байжээ. Норов гуай ч мөн ийм юм ярина.
Нутгийнхан хол ойр аян жин, ан гөрөөнд явахдаа ээж модондоо очиж хүслээ шивнэвэл зорьсон хэрэг бүтнэ хэмээн сүсэглэн дээдэлж иржээ. Ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг зовлон, жаргалаа хүнчлэн ярьж хүслээ хэлээд, авчирсан идээ будаагаа удган модондоо өргөн, өөрөө хувааж хүртээд морддог ёстой байсан гэнэ.
Ээж модонд “Ардын Хувьсгалын анхны долоо” очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
 
Жич:
Модонд хадаг зүүх нь тухайн модыг үхүүлдэг, хүний хэрэгцээнд зориулж боловсруулсан хоол хүнсний зүйл өргөлд өргөх нь орчны бохирдолд нөлөөлдөг, мөнгө төгрөг, шилтэй архи, савтай хүнс, цаастай чихэр зэрэг нь удаж угшаад хог болдог, буян биш нүгэл болдог тул ийм үйлдэл хийхгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна.
Чин сэтгэлээсээ өргөсөн нэг ширхэг арвай ч шар үхрийн дайтай өргөл болдог гэдэг. Тиймээс өргөлийн ихэд биш чин сэтгэлээсээ бага хэмжээний арвай буудай болон бусад төрлийн будаа, сүү, архи /бага хэмжээнд/ зэргийг өргөлд ашиглаж болно.
Хамгийн гол нь гүнээ бясалган өргөх аваас таны өргөлийн зорилго биелэхэд тустай.